“Би агаарын бохирдолд буруутай, би өөрийнхөө эрхийг зөрчсөн”

image

– ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ-

Гэр хорооллын зуу мянга гаруй яндангийн нэг янданг би эзэмшдэг. Би бол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах язгуур эрхийг зөрчигч.

 

Утаа гаргадаг янданг 17 жил ашиглаж, 17 жил ойр хавийн хүмүүс, хотын иргэдийн уушгины өвчлөл, хатгаа, бохирдол, стрессийг үүсгэсэн. Би буруутай, өөр хэн ч биш.

Би сайхан орчинд амьдрахыг хүсдэг ч утаагаа өөрөө гаргасаар л байдаг. Гэсэн атлаа бусдаас хариуцлага нэхэн ЖАГСААЛД ХАМГИЙН УРД НЬ ОРИЛЖ ЗОГСДОГ МИНИЙ ҮНЭН ТӨРХ.

Бохирдолтой хотод миний эрхийг зөрчиж байна хэмээн нийгмийн сүлжээгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, лайк шэйр цуглуулдаг увайгүй зантай өөрийнхөө эрхийг зөрчигч.

Сайжруулсан зуух ашиглахыг хүсдэггүй, нэг удаа авч үзсэн ч орон нутаг руу өндөр үнээр зарж дундаас нь ашиг олсон шунахай нэгэн.  Уламжлалт аргаас өөр олон шинэ технологи гарч байгаа ч гар утсаа л солихоо нэн тэргүүнд тавьдаг. Цахилгаан халаалт, сайжруулсан түлш ашиглахыг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Төр засаг л шийдэж, тэнгэрээс ч юм уу, сугалаагаар ч юм уу, сонгуульд хэн нэг тэрбумтан гарч байр авч өгөх агшныг битүүхэн дотроо төсөөлж суудаг. Би утаа шигээ оюун санааны бохирдолд орчихсон.

22811348_1693418474010615_894460921_n

Би байгаль орчны засаглалыг эсэргүүцэгч, ногоон өнгөнд дургүй хүн. Саарал өнгө л намайг илэрхийлэх мэт. Утаа, хөрсний бохирдол, шаардлага хангаагүй модон жорлонг хэрэглэж бага насны хүүхдүүдийн цусан суулга, гэдэсний халдварын өвчлөлийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Байгаль орчинд хайргүй. Хүний эрхэд суурилсан байгаль орчны засаглалыг улан дороо гишгэсэн.

Би бол орон сууцанд амьдардаг 20 жилийн байрны зээлтэй, үхэх эрхгүй нэгэн. Өвлийн улиралд утаа ихэслээ гэж чалчаад, тэвчээд явдаг би эрхээ мэддэггүй нэгэн. Социализмын үлдэгдэл, ардчиллын коршонктой фэйсбүүкийн “нигга”. Би бол мөнгөөр бороо орохыг хүлээж суудаг нэгэн. Бяцхан үрсийн минь ханиад хүндэрч, хатгаа болохыг тэвчиж, хурдан зун болохыг хүлээдэг эцэг, эхчүүдийн нэгэн төлөөлөл.

Миний хоёр дахь үнэн дүр төрхийг та нарт танилцуулья. Би агаарын бохирдолтой тэмцэх мөнгийг хэрэггүй ажилд үрэн таран хийж суухыг гараа өргөн дэмжээд суудаг нэгэн.

Хоёр гүүрний цаадах амьдралдаа дэндүү хайртай, машинаас машины хооронд бууж суун утааг үнэрлэх төдийд зугтаан, бохирдлыг бууруулсан хэмээн тэрбум, тэрбумаар салхинд хийсэх цаасан тайланг төвөгшөөлгүй ярьдаг би нийтийн албаны хувийн ашиг сонирхолтон. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөөнд нэг их санаа зовдоггүй.

Масс гэдэг малд/ПиАрчдын хэрэглэдэг хэллэг/ ард түмэнд асуудал хэрэгтэй учраас, надад ярих сэдэв  шаардлагатай учраас дараагийн том асуудал гарч иртэл зууралдсан хэвээр байхыг би илүүд үздэг.  Махны машин мэт энэ цуваа тасрахгүй байгаасай. Бурхан өршөөг.

Өөрийнхөө болон бусдын эрхийг зөрчиж ханасан болохоор би өөрийгөө шүүхэд өгөхөөр шийдлээ.

Би өөрийгөө ШҮҮХЭД ӨГЛӨӨ

Улаанбаатар хотын агаарын бохирдолд хувь нэмэр оруулсан миний хувьд хэрэг үүсгэх хууль эрх зүйн үндэслэл байна уу?

Хуульч, өмгөөлөгч Х.Мөнхнарангийн хэлж буйгаар, гэмт хэрэг гэж үзэх үндсэн таван нөхцөл болох санаа зориг, шалтаг шалтгаан, хэрэг гарсныг илтгэх нотлох баримт, гэмт бүрэлдэхүүний объектив, субъектив шинжийн аль нэгийг агуулсан хангалттай мэдээ байх ёстой байдаг. Гэтэл надад ард иргэдийн эрүүл мэндийг хохироох, хордуулах санаа зориг байсангүй, шунахайн сэдэл бүр ч байхгүй. Яг миний түлсэн нүүрснээс хэдэн хүн хохирсон гэх баримт нотолгоо байхгүй, хэн нэгэн миний эсрэг гомдол гаргаагүй учир би ГЭМТ ХЭРЭГТЭН БИШ ажээ.

Тэгвэл Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар би хариуцлага үүрч, төлбөр төлөх үү. Хуулийн 4 дүгээр зүйлд, Агаарын бохирдлын төлбөр төлөгч, түүнийг бүртгэх

4.1.Дoр дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна:

4.1.1.түүхий нүүрс олборлогч;

4.1.2.органик уусгагчийг үйлдвэрлэгч;

4.1.3.органик уусгагчийг импортлогч;

4.1.4.автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч;

4.1.5.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч;

4.1.6.агаарт бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэж заажээ. Гэсэн ч тус хуулийн хариуцлага болон төлбөрийн хэсэгт агаарт бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэнд ногдуулах төлбөрийн хэмжээг огт дурьдаагүй нь НАМАЙГ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГААС БҮРЭН МУЛТАЛЖ БАЙГАА ЮМ.

Тэгэхээр би өөрийн болон бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчдөг ч надад хэрэг үүсгэх боломжгүй. Би өөрийн язгуур эрх болох амьд явах, амьдрах оршин суух газраа чөлөөтэй сонгох, хөлдөж үхэх, өлсөхгүйн тулд нүүрс түлж амьдарч байгаа учраас би буруугүй. Би нөгөө талаараа бохирдол дотроо хордож байгаа  хотын 1,8 сая иргэний адил ХОХИРОГЧ.

20 жилийн байрны зээлтэй, үхэх эрхгүй нэгэнтэйгээ бүгдээрээ нийлээд төр засгаас хамтын эрхээ шаардах ЭРХТЭЙ, ЭРХЭЭ МЭДДЭГ УХААЛАГ ИРГЭН болохыг хүсч байна.

Хамтын эрхээ шаардах шийдэлд хүрэв

Улаанбаатарчууд бид хамтын эрхийг эдэлдэг. Хамтын эрхийн ойлголтод нийгэм, нийт хүн төрөлхтөний амьдрал, сайн сайхан байдалтай холбоотой энх тайван, байгаль орчин зэрэг түгээмэл асуудлуудын хүрээнд хамтын эрхийг авч үздэг. Түүнчлэн хамтын эрхийн хүрээнд ард түмний өөртөө засан тогтнох эрх, байгалийн нөөц баялгийн зарцуулалтыг хянах, хөгжих эрх, зарим тохиолдолд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлыг хамруулдаг.

Хүний эрхийн суурь зарчмуудад: аль нэг эрх зөрчигдөхөд бусад эрхүүдэд нөлөөлнө, нөгөө талаар нэг төрлийн эрхийг хангах явдал сайжрахад өөр эрхийг эдлэх боломж илүү бүрддэг гэжээ. Тэгвэл эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маань зөрчигдөж байгаа учраас бусад эрхүүд маань зөрчигдөж эхэлнэ гэсэн үг. Эхийнхээ хэвлийд бүрэлдэн буй ураг эндэх, төрөнгүүтээ хорт утаагаар амьсгалах бяцхан үрс эрүүл өсч торних эрхээ эдлэхгүйд хүргэх нь.

Ганц хүн айл болдоггүй шиг ганц нэхэмжлэгч, хохирогч агаарын бохирдлын асуудал нэхэмжлэл гаргаад арга барагдана. Тиймээс иргэний нийгмийн болон хуулийн фирмүүдийн туслалцааг авах зайлшгүй шаардлага тулгардаг ажээ.

Одоогоос зургаан жилийн өмнө Хүний эрх хөгжил төв ТББ хэсэг эмч нартай хамтран Улаанбаатар хотод агаарын бохирдлын улмаас эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах эрх нь  зөрчигдөж байгаа иргэдийн өмнөөс стратегийн өмгөөлөл хийж Засгийн газраас эрүүл мэндийн нөхөн төлбөр  нэхэмжлэхээ гаргажээ.

Тэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т “Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах” гэсэн заалтыг барьжээ. Хүний эрх хөгжил төвТББ-ын тэргүүн Г.Уранцоож хэлэхдээ: “Тухайн үед бидэнд хотын агаарын бохирдлын улмаас иргэдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөлөл бий болж байгаа, ямар төрлийн өвчлөлд өртсөн гэх дүгнэлт гаргаж өгөх холбогдох судалгааны байгууллага олдоогүй. Цөөн хохирогчдыг олсон ч тэд тээнэгэлзэж, улмаар нэг нэгээрээ цааргалж байсан. Хохирогчдын сэтгэл зүйг бэлдэж чадаагүй гэж боддог. Тухайн үед үйлчилж байсан хуулиар ТББ нэхэмжлэл гаргах эрхгүй, зөвхөн хохирогч л гаргах эрхтэй байсан учир үнэндээ гар мухардсан. 2016 онд хууль өөрчлөгдөж ТББ нэхэмжлэл гаргах эрхтэй болсноор “Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо” биднээс хууль зүйн туслалцаа авч, хохирогчдын өмнөөс нэхэмжлэл гаргасан байгаа ажээ.

Стратегийн өмгөөлөл гэдэг нь цаг хугацаа, мэргэжлийн өндөр чадавхи, ёс зүй шаардсан нүсэр ажил. Жижиг сажиг асуудал дээр энэ өмгөөллийг хийдэггүй. Тухайн нийтийн эрх ашгийг хөндөөд байгаа асуудлыг хууль зүйн хүрээнд шийдэх орон зайгүй, эсвэл хууль хэрэгжүүлэх механизм нь хэрэгжихгүй үед хийдэг нийгэмд эерэг өөрчлөлт, нийгэм, улс төрд шинэчлэлт хийх зорилготой байдаг.

Тэгвэл одоо бидэнд маргалдах үндэслэл бүрэн гарч ирсэн үү?

Ханиад хүрч хатгалгаа болох гол шалтгаан нь агаарын бохирдол гэдгийг мэргэжилтнүүд ЗОРИГТОЙ хэлдэг болсон. Хүүхэд, өсвөр үеийнхний өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд 1-14 нас хүртэл амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлэх байр суурьтай байна. /2016 оны Эрүүл мэндийн үзүүлэлтээс харж болно/. 0-14 насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн 1/3 нь гадаад орчноос шалтгаалж байна.

НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Оксфордын бодлогын хүрээлэнгийн урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээнд агаарын бохирдлын үзүүлж буй төсвийн ачаалал хэрвээ тодорхой арга хэмжээ авахгүй бол 2025 он хүртэл жил бүр 4,8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгааг судалгааны ахлагч НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлсэн.

Түүнчлэн Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт туссан зорилтот түвшинд хүртэл агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол үүнтэй холботой гарах хүүхдийн эрүүл мэндийн шууд зардал дангаараа 2017-2025 онд Улаанбаатар хотын эрүүл мэндийн үйлчилгээнд 24,5 тэрбум төгрөгийн дарамт учруулах төлөвтэй байгаа ажээ. Тус зардлын тал хувийг эцэг эхчүүдэд халааснаас гарна гэсэн үг.

Энэ бол бодит ТОО. Бодит хохирол. Мөн энэ хугацаанд буюу 2017-2025 онд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ аваагүйгээс эрүүл мэндийн салбарт хүүхдийн хувьд 1,2 сая эмнэлгийн ор.өдөр болон 145 000 амбулаторийн үзлэг хэлбэрээр ачаалал нэмэгдэх тооцоо гарч байна.

 

ИРГЭДЭД ЭРХЭЭ ШААРДАХ ЯМАР БОЛОМЖ БАЙНА ВЭ?

Монгол Улсын Үндсэн Хуулийн Арванзургадугаар дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй.

Нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг нийгэмд бүхэлд нь ханган  хамгаалахад захиргааны хэргийн шүүх, Үндсэн хуулийн цэц онцгой үүрэгтэй.

Энэ шүүхэд нийтлэг эрх нь зөрчигдсөн гэж үзвэл иргэд дангаараа болон хамтарч гомдол гаргаж болно.

Үндсэн хуулийн цэц: Үндсэн хуулийг зөрчсөн хууль болон төрийн өндөр албан тушаалтнуудын (Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурал түүний гишүүд гэх мэт) шийдвэр, үйл ажиллагааг хянаж дүгнэлт гаргадаг шүүн таслах байгууллага. Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу буюу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэж байхаар хуульчлагдсан байна.

Хүний эрхийн үндэсний комисс: Иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандахаас гадна Хүний эрхийн үндэсний комисст хандаж болно. Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрх, эрх чөлөөний тухай Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, олон улсын гэрээнд заасан заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан.

Эрх, үүрэг хоёр нь нэг зоосны хоёр тал. Та эрхээ мэддэг бол яндан эзэмшигч над шиг буруугаа хүлээж сурах хэрэгтэй. Харин үүргээ биелүүлэхийн тулд бохирдлыг багасгах, бууруулах чиглэлд иргэд юу хийж болох талаар судалж, амьдралдаа хэрэгжүүлэх нь ирээдүйд гарах эрсдлийг бууруулна.

Бидэнд маш их боломж байна. Хэдийгээр би янданг эзэмшдэг ч гэсэн удаан хугацаанд бусдыг хордуулан, ядуу гэх нэрээр халхавч хийн байгаль орчноо бохирдуулахыг хүсэхгүй байна. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэх АЛТАН ойлголт агаарын бохирдлын асуудал дээр ХААНА ХҮРЧ ЗОГСОХ ВЭ? гэдгийг эцэс болгомоор байна. Би өөрийгөө, бас бусдыг хохироомооргүй байна.

                                                         Х.Өнөрсайхан

https://www.facebook.com/usetgvvlch

 

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%