Сэтгэлийн чагтага тасарлаа.

image

Санж өвгөн Цэвэг вангийнд ирж зарцлагдсаар гурван сарын нүүр үзэж байлаа. Тэр болтол Олтеров өөрийг нь орхисон орос айлын хамт Жанчхүүг дамжиж нэгэн цагт Дагдангийн ээжий Цагаан нэрт хөгшин түвд газрын Гунгаа хутагтад толгойгоо тамгалуулаад гэртээ эгэж сэтгэлийн битгээ хагалж байсан шиг төрсөн нутаг Алтан овоо, Ганга нууртаа золгоноо хэмээсэн горь найдлага биелэхэд хуруу дарж сар тоолох биш, хуруу дарж хоног тоолох хугацаа үлдэж байсан юм. Гэтэл энэ л Цэвэг ван хэмээх хүний Бээжинд өрхий нь татсан айлын босгыг гоцгын албатай дотогш алхсанаар тэрхүү итгэл бадрал нь амттайхан зүүдэн дундаа сэрсэн мэт сарнин замхарч билээ. Цэвэг ван Бээжин хотноо өрхий нь татдаг тоонот монгол гэрт бус, шавраар доторлож шохойгоор будсан дүнзэн ханатай шилэн цонхтой тохилог хятад лавиранд суудаг байсан юм. Нэгэн өдөр Монгол төвдийн яамны яг ч үгүй томоохон албаны түшмэл ирж, манж хэлний хэлмэрч хэрэгтэй боллоо, танай гэхээс илүү манай гэвэл зохилтой энэ монгол өвгөнийг чинь авахаас аргагүй оросод нь хэлжээ. Тэгээд л түшмэлийн хөтөч бух шиг бүдүүн хүзүүтэй хүрэн хар түвд Санж гуайг сүйх тэрэгний суман арал дээр эгээ л хурга шиг өргөн тавьж Цэвэг вангийн хятад лаврин руу ергүүлэн одох нь тэр. Ингэж Дарьганга хошууны ноён, ард хоёр хүний замын хүзүү нийлсэн учиртай. Санжийг тийнхүү хүндтэй ч гэх үү, хүлээстэй ч гэх үү хүргэгдэж ирснээс хойш долоо хоногийн дараа шөнө дөлийн орчим гурван морьтой хүн цонхны нь дор дөрөө мулталж билээ. Тэдний дунд Сөнөд хошуу засгийн сайхан охин Эрххан-Дагина байсан юм. Ингэж өөрийнх нь мөрөөр биш ч гэсэн, өөрийнх нь адил тавилангаар нэгэн цагт Даригангын Сономдовдон бишрэлт төрийн жун вантай нэр дэр хоёр холбогдож хатан нь болж явсан Эрххан-Дагина араас нь Цэвэгийнд хүрч очжээ. Тэр хүүхэн Санжаас ер юм нуудаггүй байв. 
Санж гуай завилж суусан өвөр дээрээ нимгэн хавтгай шоголын мод тавьж, муутуу цаас дэлгээд янтайд бийрийг хавиран нэгэн зүйлийг их л хичээнгүйлэн бичиж байлаа. Үе үе зогсож бийрээ зүүн гартаа аваад баруун гараар санчгаа тулан нүдээ хагас аниж бодлогоширно. Ингэж хэсэг зуур сэтгэлдээ бясалгал үйлдсэний эцэст дахиад л бичнэ. Бичсэнээ уншина. Уншсанаа зарим үг, зарим бүлэг үгийг дарж, шинэ үг, шинэ бүлэг үг орлуулж тавина. Ингэснээр шөнө дөл болтол суулаа. 
Өвгөн, бяцхан хаш чулуун янтайн ирмэгт бийрээ түшүүлж орхиод тийм чанга ч биш, тийм зөөлөн ч биш үл мэдэг паргиантай тэгэхдээ чихэнд эвсэг хоолойгоор бичсэн номноосоо хоёр тал хуудсыг аялгуу оруулж унших нь:
-Олноо өргөгдсөний арван, Цагаан бич жил өвлийн адаг сарын шинийн хоёрон. Миний бие өчигдөр орой Бээжин хотын гудамжнаа номоор өргөсөн түүдэг гал бүтэн цаг үргэлжлэн шатахыг үзлээ. Монгол түвдийн яамнаас эрхлэн гүйцэтгэж буй ажил хэмээнэ. Хачин гэхэд багадах хэрэг шүү. Гол төлөв манж, түвд, монгол судар шатаж байлаа. Аяа харамсалтайяа! Түүдэг галын дэргэд сэтгэлээ өвтгөн байж зогсохдоо түүх орь дуу тавин ёолж байхыг сонсдог байна. Энэ хэргийг хийж буй хүмүүс хан бус үндэстнүүдийн түүхийг ингэж гал утаа болгон дуусгаад, дараа нь өөрсдөө шинээр бичих бодолтой гэнэ, ийм юм гэж бас байдаг аа ! Чингэх хэмээх нь амьд хүнийг хороогоод оронд нь гурилан лүд хийж тавьсантай үлгэр нэг нэгэн буюу. Ийнхүү олон үндэстний түүх рүү хонинд орох чонын адил довтолж, өдрийн цагаан дээрэм хийж байгаа муу хүмүүстэй өчүүхэн биеийг ч хайрлалгүй, хэр зузаан сээрэлхэж шөнийн уртыг янтай, бийртэй нөхөрлөн өнгөрөөдөг минь яавч буяны үйлс мөөн хэмээн би биеэ зөвтгөн бодном билээ. Хойд үеэ түүхээр өнчрүүлж болохгүй ээ! Ийм учраас би хятадуудын шатаасан монголын түүхийн нэгээхэн ч болов хувийг сэргээх санаагаар нэгэн дэвтрийг есөн удаа хуулж, сийрүүлж байна. Энийгээ л нүгэлтнүүдийн гарт алдаж түүдэг галд шатаалгахгүй юмсан.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%