Домбор

image Дуу хөгжим, хурдан морь бол Казахын ард түмний хос жигүүр билээ. Казах түмнийг домборгүйгээр төсөөлөх аргагүй. Домбор бол Казах үндэстний эртний чавхдаст хөгжмийн зэмсгүүдийн нэг билээ. Казах айл болгонд домбор байдаг бөгөөд хүүхэд хөгшид гэж ялгалгүй домбор хөгжимөөрөө тоглож чаддаг. Домбор нь шанага, нүүр, иш, чих гэсэн үндсэн хэсгүүдтэй. Домборыг урлахдаа нарс модыг шанаган хэлбэрт оруулан зорж цар үүсгэн хатаагаад, царан дээрээ хавтгай мод нааж хонь, ямааны өлөн гэдсийг ээрч утас хийгээд, хоёр утас татаж ишин дээр нь 9 эгшигийн хөг данг тохируулж өгнө. Казахууд домбороо маш их хүндэлж хайрлана. Адуу малдаа явсан ч биеэс салгахгүй, орой үдэш орон гэртээ харьж ирсэн ч домбороо хөгжимдэн, дуулан бүжиглэж, айл хотлоороо наргиж цэнгэнэ. Домбор хөгжмийн тухай домог - Урьд цагт Казахын нэгэн догшин ноёны хүү ан авд яваад сураггүй алга болжээ. Хүүгийн эцэг хүмүүсээ тал тал тийш илгээж хайлгасан ч хүүгийн сураг эс сонсогдоно. Догшин ноён цөхөрч, хүүгийнхээ тухай муу мэдээ дуулгасан хүний хоолойд халуун тугалга цутгана гэсэн зарлиг гаргажээ. Эрлийн хүмүүс хүүг хайж явсаар үхсэн байхыг нь олжээ. Ноёндоо энэ тухай хэлэх зоригтой хүн гарсангүй. Тэдний дунд олондоо авъяас чадлаараа гайхагдсан нэгэн залуу байжээ. Тэрээр гашуудлын мэдээг дуулгахаар эзэн ноёныдоо очиж гэрт нь домбор хөгжмөөр болсон үйл явдлыг аялгуулуулан тогложээ. Түүний тоглосон хөгжмөөс ноён болсон явдлыг ухан ойлгож, энэ мэдээг дуулгасан домбор хөгжмийн хоолойд тугалга цутгасан гэдэг. Одоо ч эл домгоос үүдэн домбор хөгжмийн царанд тугалга цутгадаг уламжлал бий. Өлгий хотод саатсан миний бие энэхүү хөгжмийн зэмсгийг тухай өвгөн хуурчын амнаас сонссон азтай хүн.
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?