ХОЛЛИВҮҮДИЙН ЭНТЭЙ МОЛЛИВҮҮДИЙН ҮЗЭГЧИД

image Тэртээ 1936 онд “Аршийн Мод” зохиолыг кино болгон амилуулж Монголын кино урлагийн үүслийг тавьсан өдрөөс хойш 83 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд Монгол кино унаж босож явсаар 2005 оноос одоогийн хөгжлийн замдаа орж эхэлсэн гэж хэлж болно. Тэгэхлээр зуу шахам жилийн уран бүтээлчдийн туршлага бидэнд байна. Үүнтэй зэрэгцэн үзэгчдийн асар их мэдлэг бас байна. Дээр хаягласан холливүүдийн энтэй молливүүдийн үзэгчид гэдэг санаа эндээс гарч ирж байгаа юм. Айл гэрийн хойморт заларч байдаг телевизүүд өрхийн тэргүүнийг авгай хүүхэд ач зээтэй нь хамт суулгаж өглөөний 07 цагаас шөнийн 02 цаг хүртэл уран бүтээлээ цацаж байна. Нэг телевиз дунджаар өдөрт гадаад дотоодын 2-3 төрлийн кино уран бүтээл гаргадаг. Улаанбаатар хотод гэхэд л 40 гаруй телевиз бий. Тэгэхлээр цаг хугацаа, сонголтоос хамаарч ямартаа ч 1 кино заавал үзэж таарна. 3 сая иргэн өдөр бүр 1ш киноны датаг өөртөө цуглуулж байна. Үзэлт давхардаж болно. Гэхдээ юмс хэзээ ч ямар нэгэн зүйлээр хязгаарлагдахгүй юм. Үүний хажуугаар IPTV, Фэйсбүүк, Вэб сайтууд идэвхтэй ажиллана. Үзэгчдийн кино боловсролыг улам ихээр төгөлдөржүүлж байгаа өөр нэгэн хэрэгсэл бол кино театр. АНУ-д нээлтээ хийж байгаа кино Монголд ч зэрэг нээж болж байна. Холливүүдийн хүрэх цар хүрээ зах хязгааргүй болсон. Зөвхөн Холливүүд гэдэг нэр брэнд болоод зогсохгүй уран бүтээлчдийн мөрөөдлийн урилга юм. Орчин үеийн техник хэрэгслүүд өдрөөс өдөрт шинэчлэгдэж хэдэн сая доллараар хэмжигдэнэ. Өнгөний нягтаршил, дуу хүлээн авах чадал, хөдөлгөөн зэрэг нь төгсөрчихсөн камерны нэн эрин үед амьдарч байна. График дизайн боловсронгуй болсоор ямар дүрд хэн тоглож байгааг мэдэхээ болиод титрийг харж ойлгох, хаана зураг авалт хийгдсэнийг making movie үзэж мэдэх болжээ. Энэ том зах зээлийн учрыг Монголын үзэгчид мэддэг болсон. Тиймээс ч Монголын кино урлагийг Холливүүдийн кинотой харьцуулдаг болж. Шал дэмий юм үзчихлээ ! Юун хачин кино вэ гэхчлэн уран бүтээлчдийн хөлс хүч, цаг хугацааг зарцуулан байж хийсэн оюуны бүтээлийг юу ч бодолгүйгээр хэлэх нь харамсалтай. Угтаа кино гэдэг соён гэгээрүүлэхийн нэгэн хэрэгсэл болохоос биш зугаа цэнгэлийн төрөлд багтааж үзэж байгаад учир байна. Юу хийхүү? Кино үзэх үү. Үнэн хэрэгтээ 2-3 цагийн туршид үзэгч та зугаацаж байгаа бус танин мэдэж байгаа хэрэг юм. Жил ирэх тусам Монголын кино өргөжиж байна. Түүнийгээ дагаад санхүүжилт нэмэгдэж мэргэжлийн продюсерууд гарч ирж байгаа нь хамгийн олзуурхууштай явдал. Жирийн төрийн албан хаагчдын хэдэн арван жил цалингаа цуглуулаад ч хүрэхгүй тийм хэмжээний мөнгийг тэд маань гаргаж холливүүдчсэн үзэгчдийн мэдлэгийг тэлэх гэж үзэлцэнэ. 500 сая төгрөгөөр бүтсэн түүхэн сэдэвт кино долоо ч хонолгүйгээр Өргөө кино театраас буухыг үзлээ. Хайран сайхан хөдөлмөрөө салхинд хийсгэсэн явдал. Үйл явдлын өрнөл, жүжигчдийн дүрээ амьдруулах тал дээр дутагдсан байж мэднэ. Хамгийн гол нь хэлэх гэсэн санаагаа гүйцэлдүүлж түүхийн арилшгүй бодит үнэнийг дэлгэж харуулан, мөнхөлж чадсан нь бахархууштай юм. Хэдэн жилийн өмнө багш маань “Та бүгдээрээ сайн уран бүтээлч болно гэж байхгүй. Харин мэргэжлийн сайн үзэгчид болно” гэж хэлж байсан нь яасан үнэний ортой үг байваа. Сайн кино гэж ямар киног хэлээд байна вэ? Эхлэхээсээ авахуулаад төгсөх хүртлээ үзэгчдийг алмайруулж гоё гэх тодотголыг үзэгчдээс авч байгаа бол тэр сайн кино мөн үү? Прэд Питт, Уилл Смитт одоо болтол Оскар аваагүй нь хачин юм шүү. Бүх кино нь сонирхолтой, үзээд уйдамгүй бүтээлүүд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ сайн кино гэдэг нь сайхан /сонирхолтой,гоё/ кино гэсэн үг биш юм шүү. Сайн кино гэдэг бол тухайн зохиолоосоо л эхлэнэ. Урьд хожид давтагдаж байгаагүй сэдэв гаргаж ирэв үү? Тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх аргаа замаа яаж тодорхойлсон, уран сайхны найруулга шинэлэг, арга барил өвөрмөц, гүн сэтгэлгээг илэрхийлэх уран арга хэрэглэж үү гэх мэт шалгуурууд нь Сайн гэх киног тодорхойлж үзнэ. Дэлхий нийтийн бүхий л кино сонирхогчдын мэдэх тэргүүн сайт #IMDB-н хамгийн өндөр саналтай 100 киноны 5 байранд багтах “12 Angry man” кино тэртээ 1957 онд бүтээгдсэн. Зөвхөн нэг объектод үйл явдлууд болж өнгөрөх уг кино 1 цаг 36 минутын турш гайхамшгийг мэдрүүлнэ. Онц гойд хурц үйл явдалууд харагдахгүй, техник технологийн өндөр шийдэл ашиглаагүй, олны танил цуутай жүжигчид олноороо цуглараагүй жирийн л кино. Сайхан кино биш шүү. Сайн л кино юм. Хэрхэн сайн кино хийх вэ гэдэг аргачлал хаа ч байхгүй ээ. Өөрсдийн мэдлэг туршлага итгэл зүтгэлээр л үнэ цэнийг бүтээж үр шимийг хамтдаа хүртдэг. Улс орон хөгжиж залуусын боловсрол дээшлэхийн хирээр Монголын кино урлагийн хөгжил ч илүү дэвшилтэт санааг хайн эрэлхийлж байна. Хийгээгүй жанр гэж одоо үлдээгүй шүү. 2000 оны эхэн үедээ бүгд л ашиг олохын тулд инээдмийн кино хийж байлаа. Сайн ч олж байсан. Үзэгчид ч нааштай ханддаг. Харин одоо жанр харгалзахгүйгээр зоригтойгоор хүч сорьж байгаа найруулагчдаараа бахархмаар. Холливүүдийн энтэй үзэгчдийнхээ хойно биш урд нь явахын тулд өдөр бүр уншиж, сонсож, үзэж яваа. Тэдэнд сайн кино хийх итгэл найдвар, урам зориг хайрла үзэгчидээ. Магадгүй тун удахгүй Алтан арслан, Алтан далдуу мод, Алтан баримал аваад ирэх ч юм билүү. Тэр үед ахин холливүүдийн талаар молливүүдийнхээ үзэгчидтэй ярилцъя. Г.Амаржаргал
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4333

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
18%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 18%
  • 69%