Хувьсгал хийх эрх бол ардчиллын амин сүнс мөн

image Хүний заяагдмал, төрмөл эрхүүд, тэр дундаа амь нас, эрх чөлөө, эд хөрөнгийг төр хамгаалж эс чадвал ард түмэн ХУВЬСГАЛ ХИЙХ ЭРХТЭЙ хэмээн либерализмын эцэг Жон Локк номлодог. Жон Локк (1632–1704) бол орчин үеийн либерал ардчиллын үндэслэгч юм. Либерал ардчилал бол төлөөллийн ардчилал бөгөөд Парламентийн ёс юм. Тэгвэл УИХ-ын сонгууль гэж юу вэ? Энэ бол Монголчууд өөрсдийн амь нас (эрүүл мэнд), эрх чөлөө, эд хөрөнгөө (аз жаргалыг) хамгаалуулахаар төлөөлөгчөө томилж, төрөө байгуулж байгаа үйл явц юм. Жон Локк“Төрийн засаглалын тухай хоёр шастир” бүтээлдээ хүн гэдэг амьтан байгалиасаа эрх чөлөөтэй, тэгш эрхтэй бүтээгдсэн амьтан юм хэмээн үзсэн. Гэхдээ байгалийн эмх замбараагүй байдалд байгаа (state of nature) ухамсарт этгээдүүд төрмөл буюу заяагдмал эрхүүдээ хамгаалуулж, илүү тогтвортой, амар амгалан аж төрөх зорилгоор “нийгмийн гэрээ” байгуулах (ө.х сонгууль) замаар төрөө цогцлоон байгуулдаг гэж үздэг. Төрөөс ч дээгүүр орших, хэний ч халдаж үл болох эрхүүд хүнд байдаг ба түүнийгээ хамгаалахын төлөө төрийг чөлөөтэй байгуулж, төр нь зорилгоо умартсан нөхцөлд татан буулгаж байх ёстой тухай Локкын энэхүү санаа нь 1776 оны АНУ-ын тусгаар тогтнолын тунхагт бүрэн эхээрээ тусгагдсан байдаг. Уг баримт бичигт “бүх хүн тэгш бүтээгдсэн бөгөөд Бүтээгч эзнээс тэдэнд тодорхой халдашгүй эрхүүд, түүний дотор амь нас, эрх чөлөө, аз жаргалыг эрэлхийлэх эрх заяасан хэмээх туулийн үнэнийг бид тунхаглаж байна. Энэхүү эрхээ хамгаалахын тулд Төрийг цогцлоон байгуулдаг бөгөөд төр нь шударгаар засаглах эрхээ ард түмнээс, ард түмний зөвшөөрлөөр олж авдаг. Хэрэв аливаа төрийн байгуулалт нь дээрх халдашгүй эрхүүдийг хамгаалж эс чадвал ард түмэн төрийг өөрчилж буюу татан буулгаж, Аюулгүй байдал, Аз жаргалаа хамгаалуулах зарчмаар төрийн эрх мэдлийг зохион байгуулж, шинэ Төрийг байгуулах эрхтэй” хэмээсэн байна. Мөн АНУ-ын үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлт өөрчлөлтөд “ард иргэд галт зэвсэг өмчлөх, эзэмших эрхтэй” хэмээн заасан нь ард түмэн хувьсгал хийх эрхтэй байхаас гадна, ард түмэнд уг эрхээ хэрэгжүүлэх арга зам, боломж нь нээлттэй байх ёстой гэсэн Локкын санааны тусгал юм. Либерал ардчиллын энэхүү үзэл санаа нь дэлхий дахинд томоохон өөрчлөлт, хөгжил дэвшлийг авчирсан байдаг ба хөгжил дэвшлийн эх суурь нь ард түмэн (эрх чөлөөт ард түмэн) гэсэн зарчим дээр үндэслэсэн байна. Ардчиллыг сонгодог утгаар нь хэрэгжүүлэгч АНУ-ын хөгжил дэвшлийн нууц зарим талаараа ард түмнийх нь эрх чөлөө, аз жаргалаа эрэлхийлэх төгс боломжоос хамааралтай. 1990-ээд оны социалист блок нуран унаснаар Монгол улс барууны энэхүү системийг хэлбэрийн төдийд хуулж, үндсэн хуулиа баталсан. Улмаар нэр төдий олон намын сонгууль зохион байгуулсан ч өнөөдрийг хүртэл олон намын тогтолцоо бий болоогүй, үзэл санааны хувьд төлөвшсөн нам үгүй. Үүний цаад шалтгаан нь Монгол улс ардчиллыг хүсэж, мэдэрч хийгээгүй, зүгээр л дэлхий дахинд болсон үйл явцын үр дүнд ардчиллыг сонгохоос өөр сонголт байгаагүйд оршино. Түүний өмнө Манжийн дарлалаас гарах үед социализмыг сонгохоос өөр сонголт байгаагүйг түүх гэрчилнэ. Монгол улс дэлхийн хөгжлийн үр дүнд бий болсон өөрчлөлтүүдэд “дасан зохицсон төдий” шинэчлэлтээ “ардын хувьсгал”, “ардчилсан хувьсгал” мэтээр хөөсрүүлэн, хөөрцөглөн ярих нь элбэг. Сүүлийн үед УИХ-ийн сонгуулийн үр дүнд сэтгэл ханамжтай хүмүүс нэн ховордсон. Сонголт байхгүй байна гэж үзээд өөрөө нэрээ дэвшүүлэх чиг хандлагатай болж байна. Гэхдээ УИХ-ийн гишүүн болох нь хангалттай юу? Өөрөөр хэлбэл юуг өөрчлөх ёстой вэ? Яагаад өөрчлөх ёстой вэ? Хамгийн гол нь тухайн нэр дэвшигч өөрчлөлтийг хийж чадах уу?” гэж асуух нь зүйн хэрэг. Харин бодит үнэн гэвэл бие даан нэр дэвшигчид юуг ч өөрчилж чадахгүй бөгөөд тэд зүгээр л суудлын бөглөөс төдий 4 жилийг өнгөрөөдөг. УИХ-д ч тэр олонхын зарчим үйлчилдэг учраас ганц хүн гал болдоггүй. Хамгийн харамсалтай нь бие даагч өөрөө ч юуг өөрчлөхөөр нэрээ дэвшүүлж байгаагаа мэддэггүй. Түүхэнд монголчууд социализмыг, дараа нь ардчиллыг өөрсдөө хүсээд сонгосон бус, өөр сонголт байгаагүйн улмаас “хүлээж авсан” байдаг шиг өнөөдөр Монголчууд ямар ч оргилуун хүсэл мөрөөдөл, зориг тэмүүлэлгүй УИХ-ын сонгуульд оролцож байна. Тусгаар тогтносон улсын иргэн болох, сонгуульд оролцох гэдэг асар өндөр хариуцлага бөгөөд нэр төрийн хэрэг. Тэгвэл 2020 онд Монголчуудад сонголт байгаа билүү? Төлөөллийн ардчиллын амин сүнс буюу төрийг өөрчлөх, татан буулгах эрх чөлөө, боломж нь сонгуулиар олгогдож байгаа ч ядуу ардад хоногийн хоол чухал болохоос, ямар төр гарах нь огтоос хамаагүй. Иймээс л олон зуун жилийн тэртээгээс тэмцэж бий болгосон төрийг сонгох, цогцлоон байгуулах ардчиллын гол зарчим нь алдагдаж, нүглийн нүдийг гурилаар хуурдаг болж. Эндээс л ард түмнийг ядуу байлгах нь хөрөнгөтний төрд ашигтай нь харагдаж буй мэт. Сонгуульд нэр дэвшихийн тулд намдаа өндөр хэмжээний хандив өгдөг тогтолцоо нь угтаа бол “франчайзинг” бизнес юм. Намын нэр хүнд өндөр л бол тус намаас нэр дэвшигч мөнгөтэй этгээд төрөө байгуулж, ард түмнийг засагладаг. Үүнийг улс төрийн шинжлэх ухаанд “Плутокраси” (Plutocracy) буюу хөрөнгөтөн бүлгийн засаглал гэдэг. Ийм нийгмийн сул тал нь хөрөнгөтөн бүлэглэл төрийг ч, эдийн засгийг ч хяналтдаа авч, төрийг бизнесийн хэрэглүүрээ болгож, хууль бөгөөд төрийн бодлого хөрөнгөтний хөрөнгийг л нэмэгдүүлэхэд чиглэж эхэлдэг. Чухам энэ л шалтгааны улмаас “төр бол хөрөнгөтөн ангийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэгч хороо мөн” хэмээн Карл Маркс “Коммунист намын тунхаг” зохиолдоо шүүмжилж байсан удаатай. Мөнгөтэй нь сонгогддог тогтолцоо бий болсноор улс төрийн хаалттай систем бий болж, нэг бүлэглэлээс (нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд) төрийг ээлжлэн барих боломж бий болж, плутокраси тогтолцоо дархлагддаг. Гэтэл Дорж, Бат, Дулмаа гурав ээлжлэн солигдохыг Ардчилал гэдэггүй. “Ардчилал гэдэг бол хүн бүрт төрийн эрхийг барих төгс боломжийг хэлнэ” хэмээн МЭӨ 400-аад онд Платон номлосон. Эцэст нь дүгнэхэд Монголчууд сонголт хийх чадваргүй буюу хүсэл зориг нь үгүй учраас дотроосоо шатаж, чин эрмэлзлийн үндсэн дээр хийсэн сонголт үгүй тул, энэхүү сонгуулийн үр дүнд уйлах ч эрхгүй, баярлах ч эрхгүй юм. Иймээс сонгуулийн зардалд хэвлэсэн төгрөгийн ханш суларч, үнийн хөөргөдөл бий болж, худалдан авах чадвар буурч, улмаар ядуурч байгааг ард түмний өөрсдийн сонголт, чин хүслийн илэрхийлэл гэлтэй.
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6040

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 68%