Хүчиндэгч төрийн балаг

image

Хүмүүс анх төрийг бий болгохдоо хэн нэгэнд дээрэмдүүлэхгүй, хулгайд өртөхгүй, бусдын гарт амиа алдахгүй гэсэн баталгааны үүднээс бий болгосон. Тэгэхээр төрийн хийх ажил бол хүний эрхийг хамгаалах. Намайг цалингаа аваад явах замд хэн нэгэн гарч ирээд цалинг минь дээрэмдээд, танхайрч, гэмтэл учруулахгүй байх баталгааг л төр бий болгох ёстой. Мөн намайг ч бусдад тийм зүйл хийхгүй байх хязгаарыг төр тогтоох ёстой. Харин төр өөрөө миний цалингаас хагасыг нь авч, өөртөө болон гэр бүлээ тэжээх мөнгөний минь тэн хагасыг миний мэдэхгүй тэр зүйлд зарцуулвал яах вэ? Төр ч бас тонуулчин мөн үү? Төр ямар замаар биднийг тонодог вэ? Хууль батлах замаар.

Зах замбараагүй олон татвар, бизнест хийх төрийн саад тотгор эцсийн дүндээ зарим зүйлд л ашигтай. Юу ч бүтээдэггүй, ямар ч орлого олдоггүй, хамгийн бага хөдөлмөрлөгч, хамгийн залхуу хүмүүст л ашигтай байдаг. Харин зах дээр жимс зардаг, ноос нэхэж цамц хийдэг, хүнсний мухлагт өдөржин зогсдог, насны эцэст төрийн хишиг хүртэж жаргана гэсэн цагаахан мөрөөдөлтэй нийгмийн даатгал төлөгч ажилчин ангид хамгийн их хортой. Харин насаараа төлсөн тэр мөнгөө хэдэн жил хүртэх бол оо. Тэтгэврийн нас эрэгтэй хүн 65 харин монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67 бол та хэдэн жил тэтгэвэр авах вэ? Хүн хэд наслахаа ер нь тооцоолж чадах уу? Үнэнийг хэлэхэд 65 хүрнэ гэсэн баталгаа ч хомс шүү дээ. Хорт утаа, тоосжилтон дунд амьдарч, өдөр бүр зам дээр түгжирч бухимддаг, бас өвөлдөө цөөнгүй халтирч тархиараа савдаг бидэнд 65 нас хүрэх баталгаа бий юу? Бодох л хэрэгтэй. Эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ эдлэх гэж эмнэлгийн коридорт хэвтэх, зарим нь бүр тэр эрхээ эдлэхээс ч эмээдэг. Угаасаа ор хүрэлцээгүй. Төрөөс үзүүлдэг үйлчилгээ бүгд л ийм. Боловсролын салбарт ч ялгаагүй. Цэцэрлэг, сургууль гээд л. Бид хүүхдээ цэцэрлэгт явуулж, өвдсөн үедээ эрүүл мэндийн тусламж авахын тулд л төрийг бүтээсэн. НҮБ-ийн Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан шиг тансаг эрхүүдийг бид бүр ч эдлэх боломжгүй. Хоногийн хоолоо залгуулж байгаа хүн ямар юмных нь кабелийн телевиз, интернэт хэрэглэх эрх байхав дээ. Бид ямархуу нийгэмд амьдарч байгаагаа, төр хэр сайн ажиллаж байгааг гудамжинд явахдаа, автобусанд, хүмүүсийн харцнаас, гэртээ ирээд хөргөгчиндөө идэх юм байгаа эсэхээс харж болно. Бурхны авралаар төрөөс тогтоосон тэтгэврийн насанд хүрлээ гэж бодьё. Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67 байна. Би төрд төлсөн мөнгөө хэдэн жил авах вэ? Миний авч чадаагүй тэр мөнгийг маань төр юунд зарцуулах вэ? Миний насаараа төлсөн мөнгө маань хаачих вэ? Миний гэр бүлд үү? Миний танихгүй хэн нэгэнд үү?  Ард түмнээс татсан мөнгийг юунд зарцуулахыг биднээс эрх шилжүүлж авсан засгийн газрын ажилчид шийднэ.

Эдийн засагт ч мөн төрийн балаг их.

Татварын хэмжээг бууруулснаар эдийн засаг хөгждөг. Үүний жишээ олон бий. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман, Япон улс сүйрлийн байдалтай байсан. Нурж унасан балгасууд, тахир дутуучууд, эцгээ алдсан хүү, хямрал гээд хэцүү зураглал бууж байгаа юм. Гэхдээ одоо Герман, Япон бол дэлхийн эдийн засагт томоохон байр эзэлдэг хөгжингүй орнуудын нэг юм. Тэнд хүний эрхийг дээдэлдэг. Эрх зүйт ёс төлөвшсөн. Энэ хоёр орон яагаад ийм хурдан хугацаанд хөгжилд хүрсэн бэ?  Энэ нь дайны дараа хийсэн бодлогын шинэчлэлээс үүдэлтэй юм. 1960-аад онд Германы канцлер Людвиг Эрхард татварын хэмжээг багасгаснаар Германы эдийн засаг цэцэглэн хөгжсөн.

Төрийн оролцсон бүх зүйл сайн байдаггүй. Зарим зүйлд харин ч дордуулдаг. Хамгийн бага татвартай улс хамгийн хурдан өсөлттэй эдийн засагтай, хамгийн их татвартай нь уналтанд ордог. Татварын хэмжээ их байснаар жинхэнэ баялаг бүтээгчдийг нухчин дардаг. Өдөөгчтэй холбоотой бэрхшээл[1], тооцоотой холбоотой бэрхшээл тулгардаг. Баялаг бүтээгч хувь хүн эрчтэй, урам зоригтой ажиллах хүсэлгүй болдог. Хөдөлмөрийн бүтээмж буурдаг. Яагаад гэвэл төрөөс орлогын албан татвар, гэнэтийн ашгийн албан татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар гээд өчнөөн төрлийн татвар ногдуулдаг. Иргэн Б өөрийн хороондоо мухлаг ажиллуулахын тулд хорооноос тусгай зөвшөөрөл авах, үл хөдлөх хөрөнгий татвар төлөх, сард олох 1 сая төгрөгөөсөө 300,000 мянгыг татварын байцаагчид өгнө гээд бодохоор үлдсэн мөнгө нь хэрэгцээнд нь хүрэх болов уу? Энд би хорооны даргын гар харсан байдал, хүнд суртал, мэргэжлийн хяналтын газрын дарамтыг тооцсонгүй. Мухлаг нээх гэж өчнөөн зардал гаргаад, олсон ашгийнхаа 30%-г татварт өгчихөөр иргэн Б гийн ажиллах урам зориг буурна. Мөн татвараа нуух санаа төрж ч болох юм. Татварын хувь өндөр байснаар далд эдийн засаг үүсдэг. Энэ нь их татвартай байснаас ч аюултай юм. Томоохон бизнесийн хувьд бүр ч хэцүү. Гадаадад бизнесээ амжилттай эхлүүлчихээд эх орондоо ирээд дампуурч байгаа жишээ зөндөө байна. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого, Аж үйлдвэрийн яамнаас жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн тусламж өгч байхын оронд төрөөс татвар болон бусад зүйлээр дарамтлахаа л болих хэрэгтэй. Зах зээл гэдэг бол өсөн нэмэгдэгч жам ёсны үзэгдэл. Үүнд төр хэтэрхий үүрэгтэй болоод ирэхээрээ л дампууруулдаг. Үүний хамгийн сургамжит жишээ бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг юм. Зах зээл бол хүмүүсийн харилцан үйлдлээс аяндаа гарсан эмх журам юм.

Хөндлөнгөөс оролцох нь санаанд оромгүй үр дагаврыг авчирдаг.

Сайн дурын арилжаа наймааг хориглох нь сайнаасаа илүү саарыг дагуулах нь их. Иргэн Бат хувийн ШТС-д шатахуун түгээдэг. Тэр ажилдаа ч сэтгэл хангалуун байлаа. Сард 600,000 төгрөгийн цалин авдаг ч ажил нь тийм ч хүнд биш. Хүмүүс бензин хулгайлах, төхөөрөмжийг эвдэхээс хамгаалж, тоолуур харж шатахуун шахах ажилтай. Ажил олгогч Дорж ч Батыг цалинжуулаад өөртөө хангалттай их ашиг олдог байлаа. Гэтэл нэг өдөр парламентаас Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,000,000 байхаар хуульчилжээ. Энэ нь шатахуун түгээх машины жолооч, нягтлан нарын хувьд энэ хууль нөлөө үзүүлэхгүй. Учир нь тэд 1,200,000 төгрөгний цалинтай. Харин түгээгч Батын хувьд маш их хохиролтой байсан юм. Учир нь Батын хөдөлмөрийн ашиг 900,000 л байсан тул түүнд ажил олгогч хэзээ ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү цалин өгч чадахгүй. Өөрөөр хэлбэл бүтээснээс нь илүү цалин өгөх боломжгүй. Хэрэв хуульд заасан цалинг өгвөл ажил олгогч удахгүй дампуурна. Батыг ажлаас халжээ. Бат уг нь ажилдаа сэтгэл хангалуун, цалин нь амьдралд нь хүрэлцэхүйц байдаг байлаа. Гэтэл одоо ажил ч үгүй цалин ч үгүй боллоо. Энэ хэний буруу вэ? Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь эдийн засгийн доод шатан дахь ажил эрхлэлтийг хэрхэн боймилдогийг эндээс харж болно. Бат залуу, туршлагагүй тул түүнд хэзээ ч ажил олдохгүй. Учир нь тэр 600,000 аас илүү бүтээмжтэй ажиллаж чадахгүй. Нийгэм дэх харилцан ашигтай, сайн дурын харилцааг төр зохицуулах гэж оролдох нь төсөөлснөөс ч илүү муу үр дүнд хүргэдэг.

Тэгвэл эдийн засаг дахь төрийн үүрэг юу вэ? Төр өмчлөх эрх ба арилжих эрх чөлөөг хамгаалдаг. Үнийг хянах, аль нэг фүүсэд давуу эрх олгох, монополийг хязгаарлан хөндлөнгөөс оролцох явдал огт биш. Тэгж чадах ч үгүй.

 

[1]

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%